Бид А үсэг сурснаар бичиг үсэгт тайлагдах анхныхаа алхамаа хийж, аажмаар 35 үсгээ нүдлэн уншиж, бичиж чаддаг болдог. Харин бидэнд үүний дараагийн шатны боловсрол буюу МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ЧАДВАР зайлшгүй хэрэгтэй болж байна.
Учир нь, бид мэдээллийг өдөр тутамдаа талх, сүү шиг л хэрэглэж байна. Мэдээлэл авснаар бид өөрсдийгөө бусдад илэрхийлж, үзэл бодлоо бүрдүүлж, мэдээллийг түгээж, мөн мэдээллийн хүчээр бид амьдралдаа зайлшгүй хэрэгцээтэй чухал шийдвэрүүдээ гаргадаг. Мэдээлэлгүй бол aмьдралгүй мэт л цаг үед бид амьдарч байна.
Гэтэл биднийг өдөр тутам ‘’бөмбөгдөж’’ буй энэ их мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахад хүндрэл учирдаг. Бидний өнөөдөрийн амьдарч буй техник технологи асар хурдтай хөгжиж буй мэдээллийн энэ эрин үед мэдээллийг маш олон төрлийн эх сурвалж болох радио, телевиз, гар утас, интернет, вэбсайт, ном, сонин, сэтгүүл, подкаст зэрэг төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээс авч байна. Өдөр ирэх тусам л бидний хүлээн авч буй мэдээллийн хэмжээ болон давтамж ихэссээр л байна. Харин энэ их мэдээлэл дунд сайн, муу янз бүрийн мэдээллийн урсгалууд байна. Тухайлбал, баримтат сэтгүүл зүйн мэдээ мэдээлэлээс гадна хувь хүний үзэл бодол, садар самуунд уруу татсан, гэмт хэргийг өөгшүүлсэн, ил далд сурталчилгааны, ятган ухуулсан, зохиомол, худал хуурмаг гэх мэт асар их мэдээлэл дунд бид сонголт хийж байна. Тэгвэл бид өөрт хэрэгцээт мэдээллээ хэрхэн таньж, хэрхэн үнэн зөвийг ялгаж салгаж, үнэлэлт дүгнэлт хийх вэ?

Үнэндээ бид мэдээллийг аль нь үнэн, аль нь зөв болохыг ялгаж салгаж ойлгоход хэцүү байдаг. Ялангуяа хүүхэд залуус үнэн худал, зөв бурууг ялгаж мэдэх аргагүй олон мэдээлэлд төөрөлдөх үед хэрэгцээт мэдээллээ хэрхэн хаанаас олж авах, ямар эх сурвалжид итгэх эсвэл үл итгэх, ямар сувгаас болгоомжлох, мэдээлэлд хэрхэн шүүмжлэлтэй хандах, цаашлаад бодит мэдээллийг хэрхэн олж авах чадвартай болоход Хэвлэл мэдээллийн боловсрол туслана.

Хэрвээ хэвлэл мэдээллийн боловсролгүй бол аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандалгүй шууд итгэх, сурталчилгааг үнэн зөв, бодит мэдээлэл мэт хүлээн авах, ялангуяа мэдээллийн хөтөлбөрийн дундуур явуулж буй ил далд сурталчилгааг ялгаж таньж чадахгүй. Үүнд улс төрийн далд сурталчилгаа, шашны гаж урсгалыг ч сурталчилсан байх нь ч бий.
Хэвлэл мэдээллийн боловсрол олгох нь ямар нэгэн агуулгыг дамжуулах, мэдлэг чадварыг шууд өгөхөөсөө илүүтэй агуулгын тухай ухаж бодуулсан асуултуудаар бодох үйл явцыг төлөвшүүлэхэд оршино. Ингэснээр хүүхэд залуучуудад бэлэн хариултыг бэлтгэж өгөх биш, харин хэвлэл мэдээлэл дээр гарсан агуулга бүрд асуулт тавьж сурахыг хэлнэ.
Иймээс та үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхээ өдөр тутамдаа хэрэгжүүлэхийн тулд дараах ур чадваруудыг зайлшгүй эзэмших шаардлагатай болж байна.
Ийнхүү бид хэвлэл мэдээллийн боловсролтой болсноор мэдээлэлд хүрэх гарцыг олж, анализ хийж, мэдээллийг үнэлж дүгнэн, мэдээлэлд бодитоор хандаж, шууд итгэлгүй, үнэн, худлыг өөрөөсөө асуудаг болж сурах тухай юм. Мөн бид сэтгүүлзүйгээс чанар шаардаж сурна. Тухайлбал, сэтгүүлчдээс аль нэг талыг хэт сурвалжилсан биш, харин бүх талын эх сурвалжуудыг оролцуулсан тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг болон хараат бус хэвлэл мэдээллийг бүтээхийг шаардах тухай мэдлэгтэй болно.
Хэвлэл мэдээллийн боловсрол нь хүмүүсийг шүүмжлэлт сэтгэгчид, бүтээгчид, үр дүнтэй харилцагчид, идэвхтэй иргэд байх боломжийг олгодог.
Medu.mn вэбсайтаар дамжуулан хэвлэл мэдээллийн боловсролоо дээшлүүлэх үйлсэд тань амжилт хүсье!