Хэрвээ сэтгүүлчид алдаа гаргавал яах вэ? Тэд хэн нэгнийг гүтгэх эсвэл таамгаар мэдээлэх эрхтэй юу?
Сэтгүүлчид алдаа гаргасан тохиолдолд ёс зүйн алдаагаа тогоон дотроо л хэлэлцэнэ биз хэмээн муйхраар ойлгож болох юм. Гэтэл сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүлээн авагчид нь иргэд. Бид сэтгүүлчдийг буруу мэдээлсэн тохиолдолд хохирол амсдаг. Тухайлбал, нэр төрөө алдана, алдаатай мэдээллээс буруу шийдвэр гаргана, хэн нэгний тухай ташаа ойлголт авна гэх мэт нөхөж баршгүй, эргээд зассан ч эдгэрэл нь уддаг.
Ингээд сэтгүүлчдийг ёс зүйн алдаа гаргасан тохиолдол тэднийг шийтгэдэг байх ёстой гэдэг дээр санал нэгддэг байжээ. Харин тэднийг мэргэжлийн алдаа гаргасных нь төлөө хатуухан шийтгээд байвал магадгүй хэн ч сэтгүүлчээр ажиллахаас зүрхшээдэг болчихвол яах вэ? Гэхдээ л тэд алдах ёсгүй! Энэ эцэс төгсгөлгүй маргааныг шийдвэрлэхийн тулд сэтгүүлчдийн ёс зүйн алдааг шүүн хэлэлцдэг байгууллага байх ёстой нь зайлшгүй болсон юм. Энэ нь сэтгүүлчдийн ёс зүйн алдааг өөрсдөө шүүн хэлэлцдэг өөрөө өөрсдийгөө зохицуулах байгууллага буюу Хэвлэлийн зөвлөл хэмээх байгууллага юм.
Яагаад шүүхийн байгууллага байсаар байтал заавал сэтгүүлчид өөрсдийнхөө алдааг өөрсдөө хэлэлцдэг байгууллага байх ёстой юм бэ гэдэг дээр нэлээд хэлэлцүүлэг өрнөж, Хэвлэлийн Зөвлөлийг хэрхэн, яаж байгуулах вэ гэдэг очоод гацчихдаг байжээ.
Сэтгүүлчид голдуу эрх мэдэлтэй хүмүүсийн тухай сэрдсэн, сэрэмжлүүлсэн нийтлэлүүд бичиж, улс төрчид, албан тушаалтнуудын дургүйг хүргэдэг. Тэдний амыг нь боохын тулд шүүхэд хандан, хатуухан шийтгэл оногдуулах, торгох, дахин дахин байцаалтанд дуудах, сүрдүүлэх гэх мэтээр дарамт шахалтанд өртөх нь цөөнгүй тохиолддог нь нууц биш юм. Ингэснээр сэтгүүлчдийн тархинд „хайч“ гэдэг зүйл үүсдэг бөгөөд аливаа мэдээллийг сурвалжлахдаа ноцтой санагдсан, өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлж болох аливаа мэдээ мэдээллийг „хайчлан“ хасаж, хамгийн хал балгүй мөлгөр мэдээг бэлтгэн ажлаа хийсэн нэртэй болох хандлагатай болж зориггүй болдог. Хамгийн харамсалтай нь, үүний цаана „нийгмийн хоточ банхар“ гэж нэрлэгддэг сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд нь унаж, иргэдийн мэдэх эрх нь хохирдог.
Тэгэхээр энэхүү ёсзүйн алдаа гаргахаас болгоомжлох болон мэдээллийг зоригтойгоор гаргаж тавих хоёрын балансыг олж өгдөг байгууллага нь Хэвлэл мэдээллийн зөвлөл юм. Энэхүү Хэвлэл мэдээллийн зөвлөл нь олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаас гадна сэтгүүлчдийг мэргэжлийн ёс зүйн алдааг гаргуулахгүй байхын тулд дэмжин ажилладаг.
Хэвлэл мэдээллийн Зөвлөл нь хэрхэн ажилладаг вэ?
Иргэд уншиж буй мэдээ мэдээлэлдээ сэтгүүлч нь ёс зүйн алдаа гаргасан гэж үзвэл Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргаж болох ба энэ нь үнэ төлбөргүй.
http://www.mediacouncil.mn/p/12
Харин Хэвлэл мэдээллийн Зөвлөл нь иргэдээс ирсэн гомдлыг шүүн хэлэлцээд, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзвэл алдааг редакцид нь хандаж, олон нийтэд нээлттэй ба хаалттайгаар мэдэгдэж, алдаандаа уучлал гуйхыг болон алдаагаа засахыг шаарддаг. Ингэснээр тухайн хэвлэл мэдээлэл нь цаашид гаргасан алдаагаа дахин давтахгүй байх, шүүхээр шийдүүлэхгүй, мэргэжлийн түвшинд сайжрах боломжтой юм. http://www.mediacouncil.mn/p/7
Эцсийн дүндээ иргэд бидний хувьд сэтгүүлчдийг шийтгэхээсээ илүү тэднээс мэргэжлийн өндөр ёс зүйтэй, чанартай мэдээлэл шаардах нь чухал.
Хэвлэлийн зөвлөл хэмээх байгууллага улс болгонд байдаггүй ч хэвлэлийн зөвлөл ажиллаж байгаа улс орнуудын жишээнээс харахад, ёс зүйгээ баримтлан мэдээ бичих, эх сурвалжтай байх зэрэг нь сэтгүүлчийн наад захын мөрдөх дүрмийг баримтлахгүй байхаас сэргийлсэн байгууллага, ялангуяа Монголын хэвлэл мэдээлэлд зайлшгүй хэрэгтэй зүйл юм.
Хэвлэл мэдээллийн Зөвлөл Монголд хэрхэн үүсгэн байгуулагдсан бэ?
Монголд Хэвлэлиийн Зөвлөл байгуулах зайлшгүй хэрэгтэй хэмээн үзэж, байгуулах хөрс суурийг бэлдэх санал санаачилгыг хэсэг сэтгүүлчид гарган „Медиа консул“ клубийн хэлбэрээр ажиллаж эхэлсэн байна. Сайн дурын үндсэн дээр байгуулагдсан энэхүү клубт Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэйшнл Төв, Ил тод сан, Мидас зэрэг ТББ-ууд болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакцийн төлөөлөл, сэтгүүлчид нэгдсэн бөгөөд тэд хүрээгээ улам тэлж, илүү олон сэтгүүлчийг нэгтгэх хүсэл эрмэлзэлтэйгээр клубээ нээжээ.
Клубийн зорилго нь Хэвлэлийн зөвлөлийн талаар зөв ойлголтыг түгээх, сэтгүүлчийн бүтээлүүдийг жишээ болгон хэлэлцэх, бусад улс орны Хэвлэлийн Зөвлөлийн дүрмийг хэлэлцэх ажлыг хийж эхэлсэн байна. Монголын сэтгүүлчид Ёс зүйн дүрэм, зарчимтай. Гэхдээ энэ нь ерөнхий тунхагын чанартай байгааг сайжруулах, илүү ойлгомжтой болгох зорилго тавьжээ.
Media Council клубын гишүүд нь олон орны хэвлэлийн зөвлөлийн туршлагыг судлан, сэтгүүлчдийн ёс зүйн зарчмаа шинэчлэн сайжруулж, Монголын Хэвлэл Мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар сэтгүүлч, ажил олгогч, судлаач, эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн нэг жилийн туршид идэвхитэй ажилласан юм.
Ингээд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг үүсгэн байгуулах чуулганаар "Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн Зөвлөл" НҮТББ-ийг байгуулах, түүний дүрмийн төслийг танилцуулж, чуулганд оролцогчдын саналыг тусгаж, олонхын саналаар дүрмийн төслийг баталсан бөгөөд "МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ" НҮТББ-ыг 2015 оны 01-р сарын 28-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа байгуулсан түүхтэй.
Монголын Хэвлэл мэдээллийн Зөвлөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.mediacouncil.mn