Хэвлэл мэдээллийн боловсролгүй бол иргэд олон талын эх сурвалжаас мэдээлэл авч, тэдгээрээс шүүн тунгааж, анализ дүгнэлт хийн, өөрийн үзэл бодлоо бүрэлдүүлэхээсээ өмнө анх сонссон мэдээлэлдээ шууд итгэн “тархиа угаалгах” аюултай.
Бидний өдөр тутмын амьдралд тохиолдож буй хуурамч мэдээ, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт зэрэг олон асуудлууд интернэт орчинд иргэдийг бухимдуулж, эдгээр асуудлуудтай нүүр тулж, даван туулах шаардлагатай болж байна. Нөгөө талаар бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний эсрэг мэдээллийн цензур, хяналт, хатуу хязгаарлалт зэрэг сорилт бэрхшээлүүд тулгарч байна.
Энэ бүхэнд таарсан стратеги, дүрэм журам, зохицуулалт одоог хүртэл гараагүй л байна. Харин бид өөрсдийн хэвлэл мэдээллийн суурь боловсролыг сайжруулж чадна. Энэ нь мэдээллийг боловсруулж, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадварыг эзэмшинэ гэсэн үг юм. Мөн бид сэтгүүлзүйгээс чанар шаардаж сурна. Тухайлбал, иргэд сэттгүүлчдээс аль нэг талыг хэт сурвалжилсан биш, харин бүх талын эх сурвалжуудыг оролцуулсан тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг болон хараат бус хэвлэл мэдээлэл бүтээхийг шаардах тухай юм.
Хэвлэл мэдээллийн боловсрол нь хүмүүсийг хүчирхэгжүүлдэг. Яаж вэ? гэвэл, хүний үндсэн эрх буюу мэдээлэл авах, авсан мэдээллээ дүгнэж, цэгнэн анализ хийсний үндсэн дээр өөрийнхөө үзэл бодлыг бүрэлдүүлж, түүнийгээ илэрхийлж чаддаг байх тухай юм. Ялангуяа дижиталчлагдсан орчин үед сошиал медиа, мобайл аппликэйшн, цахим банк гэх мэт бидний өдөр тутамдаа ашигладаг хэрэгслүүд нь энгийн хүмүүсээс хувийн орон зай болон дижитал аюулгүй байдлаа хамгаалах чадвартай байхыг шаардаж байна.
Энэхүү суурь чадваргүй бол хувь хүн тухайн цаг үеийн мэтгэлцээнийг ойлгож, хувь нэмрээ оруулах ёстой ардчилсан нийгэмд иргэний хувьд нэр төрөө хамгаалж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож чадахгүй.
Medu.mn вэбсайт нь хүний эрхийг хөхиүлэн дэмжихийн үндсэн дээр, хүмүүсийг мэдээ мэдээллийг зөв ашиглаж, мэдлэгтэй болгоход тусласнаар илүү хүчирхэгжүүлж, өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрхийг нь илүү боловсронгуй болгож өгөх арга замыг эрэлхийлж буй юм.
Ялангуяа нийгмийн цөөнхи буюу мэдээллийн хүртээмж муу хүмүүст болон гэртээ суугаа эмэгтэйчүүд, үндэсний цөөнхи, алслагдсан хөдөө орон нутгийнхан, үзэл бодлоо төлөвшүүлж буй залуу үеийнхэн, шинэ техник технологитой мөр зэрэгцэн алхахыг хүсэж буй ахмад үеийнхэн зэрэг хүмүүсийг нийгмийн амьдралд өөрсдийн дуу хоолой, байр сууриа бэхжүүлэхэд нь туслахыг зорих болно.
Мedu.mn вэбсайт нь одоо үед хүчтэй яригдаж буй мэдээллийн хэрэгслийн буюу мэдээллийн суурь боловсрол (news literacy, digital literacy, media literacy, information literacy) зэрэг ойлголтуудыг илүү энгийнээр тайлбарлаж, олон нийтэд мэдээллийн боловсрол олгох зорилготой.
Medu.mn вэбсайт нь таны мэдлэг мэдээллийн чиглүүлэгч, зөвлөгч, сургагч, бас хамтдаа суралцагч байх болно.
Нийгмийн цөөнх буюу боловсролтой хэдхэн хүн байвал бид улсаараа хөгжихгүй. Ингэхийн тулд бид аль болох олон хүмүүсийг хамруулахыг зорьж байна. Та бүхэн манай вэбсайтаар зочлон шинэ мэдлэг мэдээлэл авч суралцахаас гадна хэрэгцээ шаардлагатай хүмүүст нь хэвлэл, мэдээллийн боловсролыг хамтран түгээж ажиллахыг хүсэж байна. Бид улам олон хүнийг хэвлэл мэдээллийн боловсролтой болгосноороо илүү хөгжсөн нийгэмд хамтдаа илүү дээр амьдрах боломжтой болно гэдэгт итгэлтэй байна.
Medu.mn вэбсайтыг үүсгэн байгуулагч М.Тунгалагтуяа